Sunday, December 13, 2009

Сонирхолтой ном

Сонирхолтой ном сэдвийн доор яг өнөөдрийн байдлаар уншаад дуусчихсан, унших гээд бэлдээд тавьчихсан байгаа хэдэн номнуудынхаа нэрсийг жагсаагаад биччихлээ. Эдгээр номнууд нь ерөнхийдөө шашин, эдийн засаг, сэтгэхүй, сэтгэл зүйн чиглэлүүдийг хамарч байгаа юм. Шинжлэх ухааны чадавхи, чадамжыг зуун хувиар үнэлдэг байсан миний үнэлэмжид тодорхой хэмжээний өөрчлөлтүүд сүүлийн үед ороод байгаа нь эдгээр номнуудтай тодорхой хэмжээгээр холбоотой юм. Орчин үед шинжлэх ухааны үүднээс аливааг тайлбарлах ерөнхий хандлага давамгайлж байгаа ч би хувьдаа шинжлэх ухааны чадавхи, чадамж хүрэлцэхгүй тийм орон зай үргэлж байсаар байх болно гэдэгт зуун хувь итгэлтэй болоод байна. Үүгээрээ би ямарваа нэг ид шидийн зүйл, мухар сүсгийн мөн чанарыг хүлээн зөвшөөрч, хэтрүүлэн үнэлэх гэсэнгүй.
Зүгээр л шинжлэх ухаан хүмүүний дотоод ертөнцийн орон зайд чадамжгүй юм байна гэдгийг л ойлгосон юм. Тухайлбал шударга ёсон гэдгийг шинжлэх ухааны үүднээс томьёолж, тодорхойлж, хэмжиж болохгүй нь маш тодорхой. Шударга ёс гэдэг бол угтаа хүмүүний итгэл үнэмшил, үнэт зүйлстэй холбоотойгоор бий болсон үнэлэмжийн нэг хэлбэр мөн. Хүмүүний дотоод ертөнц сэтгэл зүрх, итгэл үнэмшил, оюун санааны хэлбэрээр үргэлжилнэ. Гэтэл хүмүүн бид сэтгэн бодохгүйгээр, итгэж үнэмшихгүйгээр, хайрлан дурлахгүйгээр амьдарч чадахгүй.Бидний амьдрал үнэндээ энэ дотоод /идеал/ ертөнцийн хөгжил, хөдөлгөөн дээр л тогтдог. Тэгтэл шинжлэх ухаан энэ ертөнцөд чадамжгүй гэх мэтээр цааш бодох юм маш их байна. Номын жагсаалтнаас эхэлсэн бичлэг маань сэдвээсээ хальчихаж.

No comments: