Monday, December 14, 2009

Эрх чөлөө

Хүний эрх, эрх чөлөө гэж юу вэ гэж. Энэхүү асуултад орчин үеийн хуулийн болон нийгмийн шинжлэх ухааны үүднээс амархан хариулчих бүрэн бололцоотой.

Sunday, December 13, 2009

Сонирхолтой ном

Сонирхолтой ном сэдвийн доор яг өнөөдрийн байдлаар уншаад дуусчихсан, унших гээд бэлдээд тавьчихсан байгаа хэдэн номнуудынхаа нэрсийг жагсаагаад биччихлээ. Эдгээр номнууд нь ерөнхийдөө шашин, эдийн засаг, сэтгэхүй, сэтгэл зүйн чиглэлүүдийг хамарч байгаа юм. Шинжлэх ухааны чадавхи, чадамжыг зуун хувиар үнэлдэг байсан миний үнэлэмжид тодорхой хэмжээний өөрчлөлтүүд сүүлийн үед ороод байгаа нь эдгээр номнуудтай тодорхой хэмжээгээр холбоотой юм. Орчин үед шинжлэх ухааны үүднээс аливааг тайлбарлах ерөнхий хандлага давамгайлж байгаа ч би хувьдаа шинжлэх ухааны чадавхи, чадамж хүрэлцэхгүй тийм орон зай үргэлж байсаар байх болно гэдэгт зуун хувь итгэлтэй болоод байна. Үүгээрээ би ямарваа нэг ид шидийн зүйл, мухар сүсгийн мөн чанарыг хүлээн зөвшөөрч, хэтрүүлэн үнэлэх гэсэнгүй.
Зүгээр л шинжлэх ухаан хүмүүний дотоод ертөнцийн орон зайд чадамжгүй юм байна гэдгийг л ойлгосон юм. Тухайлбал шударга ёсон гэдгийг шинжлэх ухааны үүднээс томьёолж, тодорхойлж, хэмжиж болохгүй нь маш тодорхой. Шударга ёс гэдэг бол угтаа хүмүүний итгэл үнэмшил, үнэт зүйлстэй холбоотойгоор бий болсон үнэлэмжийн нэг хэлбэр мөн. Хүмүүний дотоод ертөнц сэтгэл зүрх, итгэл үнэмшил, оюун санааны хэлбэрээр үргэлжилнэ. Гэтэл хүмүүн бид сэтгэн бодохгүйгээр, итгэж үнэмшихгүйгээр, хайрлан дурлахгүйгээр амьдарч чадахгүй.Бидний амьдрал үнэндээ энэ дотоод /идеал/ ертөнцийн хөгжил, хөдөлгөөн дээр л тогтдог. Тэгтэл шинжлэх ухаан энэ ертөнцөд чадамжгүй гэх мэтээр цааш бодох юм маш их байна. Номын жагсаалтнаас эхэлсэн бичлэг маань сэдвээсээ хальчихаж.

Sunday, December 6, 2009

Амьдрал

Амьдралын тухай түмэн янзын бодол миний толгойд байнга эргэлдэх болсоор нилээдгүй хугацаа өнгөрч байна. Энэхүү бодол минь чухамхүү "би"-гээс л эхлэлтэй санагдаж байна. Нилээн хэдэн жилийн өмнөөс энэхүү асуултыг би өөртөө тавьж эхэлсэн юм. Би хэн бэ? гэж
Энэхүү асуултанд бүрэн гүйцэт хариулт өгч чадахгүйгээр цаашаа нэг ч алхаж чадахгүй мэт санагдаж байсан үеүд саяхан юм шиг санагдаж байсан ч бас ч хэдэн жилийг ардаа орхиж. Гэлээ гээд бас төгс төгөлдөр хариултыг олчихоогүй л явна. Магадгүй миний хувьд өөрөөсөө асууж байх ёстой мөнхийн асуулт ч байж болох. Асуултыг анх өөртөө анх тавьж байсан тэр цаг үеийн "би"-г өнөөдрийн өдрийн "би"-гээс юугаараа ялгагдаж байгааг эргэцүүлж нэг тунгаахад өөрөөрөө бахархаж болохоор өөрчлөлтүүдийг өөртөө өгсөнийг мэдрэх, нөгөө талаас унаган багын минь зан чанар надаас чимээгүйхэн алслан холдож байгааг мэдрэх мэдрэмж давхцан байсан. Зарим нэг харамсалтай зүйл нь юу вэ гэвэл миний өнөөдрийн өдрийг хүртэл өөртөө төлөвшүүлэх гэж хичээж байсан зарим нэг зүйлс миний дотор нуугдан байсан, таньж, нээж, илрүүлж, хөгжүүлж чадаагүйд минь байгаа юм. Тэгэхдээ би өнөөдрийн өдрийнх шигээр өөрийнхөө орон зайг тэгтэлээ мэдэрч байсангүй. Өөрөө өөрийнхөө хүсэл мөрөөдлийн илэрхийлэл, мөн чанарын илэрхийлэлийг хамгийн хурцаар мэдэрч байгаа цаг өдрүүдийг өнгөрүүлж байгаа нь надад сайхан байна.
Шинжлэх ухаан, технологи, улс төр, эдийн засаг туйлдаа хүртэл хөгжсөн мэт санагдаж байсан үе саяханых. Тэгвэл одоо шинжлэх ухаан, технологи дэндүү өрөөсгөл байгааг, дэлхий улс төр, эдийн засаг үхлийн гогцоо гэж нэрлэж болох битүү тойрог замд орчихоод гарч чадахгүй хий эргэлдэн байгааг зах зухаас ойлгож эхэлж байна. Үзэл баримтлал, онол, зарчим ямар чухал болохыг, өвөг дээдсийн минь сургааль ямар үнэ цэнэтэй болохыг хамгийн ихээр ойлгож байна. Найман зууны тэртээ хөх тэнгэртэй зэрэгцэн байсан миний өвөг дээдсийн итгэл үнэмшил өнөөдрийн өдөр хүний нутгийн хар бор ажлыг нугалах хүч болон хувирсанд харамсаж байна.

Эхлэл

Блог хөтлөх санаа нилээн дээрээс төрж байсан юм. Уг нь бараг гурван жилийн өмнө тунгаамал нэртэй блог нээсэн боловч идэвхтэй хөтөлж чадахгүй байсаар хаалгачихсан бололтой байна билээ. Саяхан орох гэж оролдоод бүтэлгүйтсэний улмаас дахин шинээр нээхээр шийдсэн маань энэ билээ. Миний хувьд блогийг өөрийн үзэл бодлыг бусадтай хуваалцах чөлөөт индэр байдлаар ашиглах сонирхол түлхүү байдаг юм. За тэгээд ер нь бол миний өврийн дэвтэр өдрийн тэмдэглэл байдлаар явагдана даа.
Ямар ч байсан блогоо нээж орхиё. Заримдаа маш сонин сонин бодол толгойд орж ирдэг юм..... бичээд байхад юу илүүдэх вэ?